Friday, July 20, 2012

Чип дизайн ба чип үйлдвэрлэх хүртэлх процессийн талаархи ойлголт, 80% = патент...


Нэг хүн надад "Монголд чип үйлдвэрлэх боломжгүй, чип үйлдвэрлэдэг цөөхөн хэдэн улс байдаг" гэж хэлж байсан. Монголчууд чипний талаархи мэдлэгийг хаанаас авдаг вэ? гээд бодоод үзэхээр хэрэглэж байгаа бүрээгдэхүүнээсээ авдаг бололтой. Япон, Тайван, Хятад, Солонгос, Америка, Герман г.м улс орнуудын Intel, Apple, Sony, Samsung, LG электроник, Toshiba, Dell, NEC гэх мэт компаниудын бүтээгдэхүүнээс олж мэдсэн болов уу! Гэхдээ тэр мэдлэг нь түүнийг харах, хэрэглэх байдлаар нь мэдэхээс биш. Бараг ихэнх хүмүүс Чипийг ямар үүрэгтэй, яаж хийдэг талаар нарийн зүйлсийг мэдэхгүйгээс болж хүндэээр хүлээж аваад байгаа. Хөгжилтэй улс болгон өөрийн улсын хэрэгцээг хангаж чип үйлдвэрлэдэг бөгөөд гадаад дотоодын компаниудад нийлүүлдэгч бий. ЧИП гэдэг зүйл та бүхэнд тэнгэрийн мэт сонсогдож магад. Гэхдээ үүнийг бидэнтэй адил хүмүүс хийдэг, бид тэднээс дутах юм гэвэл ажлийн орчиноор л дутуу өөр бусдаар дутаад байх зүйлгүй билээ.


Монголд чип дизайн буюу чип үйлдвэрлэх боломжийн талаар...

Аливаа зүйл шат дараалалтай байдаг шууд л үйлдвэр барьж болохгүй. Үүний тулд эхний ээлжинд Судалгаа шинжилгээний буюу чип үйлдвэрлэх хүртэлх процессийг хийж гүйцэтгэдэг лаборатори, багаж төхөөрөмжтэй болох нь чухал юм. Эдгээр зүйлс байхад өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнтэй болж цаашлаад зах зээлээ олж,  эргэлдэх хөрөнгө санхүүтэй болсны дараагаар Монголд чип үйлдвэрлэж болох юм.

Дээр дурдсан үйлдвэр хүртэлх процессийг хийж гүйцэтгэдэг цогц үйл ажиллагааг Японы талтай гэрээ хэлэлцээр гарын үсгээ зурчихсан байгаа бөгөөд манай Засгийн газар хөрөнгийн асуудлыг шийдэхийг хүлээж байгааг энд дурдъя. Үйлдвэр хүртэлх процесс гэдэг нь чип үйлдвэрлэх процессийн 80%-ийг хийхийг хэлэх бөгөөд үлдсэн 20% нь үйлдвэрлэлийн процесс буюу дээрхи 80% савлаж гаргахыг хэлдэг.


Та бүхэн зургаас харж байна. Улбар шар дотор байгаа бүх процессийг бид бүхний оюун ухаан, мэдлэг чадвар, хөдөлмөрөөр бий болгодог. Биднээс гарах эцсийн бүтээгдэхүүн маань ЧИП ДИЗАЙН юм. Ингээд цаашаагаа үйлдвэрлүү явуулж савлуулдаг. Харин 20% болох үйлдвэрлэлийн процесс нь бидэнд хамаагүй. Бидэнд энэ 20% буюу үйлдвэрлэлийн процессийг хийх, үйлдвэрийн барих шаардлага байхгүй. Яагаад? Нэгэн жишээ хэлье. Дэлхийд тэргүүлдэг Apple компани одоо хүртэл чип болон бусад эд ангиудаа өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Тус компани R&D буюу Судалгаа шинжилгээний ажил буюу дээр дурдаад байгаа лабораториудыг салбар салбарт нь маш олон тоогоор бий болгож  өөрсдийн гэсэн инноватив буюу шинэ санаануудыг бий болгож патентуудыг үйлдвэрлэдэг юм. Эдгээр патентуудыг бий болгоход бидэнд үйлдвэр шаардлага байхгүй. Орчин үеийн техник, технологит суурилсан судалгаа шинжилгээний лаборатортой байхад бид Apple-ийн жишгээр хөгжиж өөрсдийн гэсэн патентуудыг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй юм. Одоо үед нарийн технологийн компаниуд инноваци, патентийн чиглэлд өрсөлддөг болсон. Түүнээс биш үйлдвэр, үйлдвэрлэх нь чухал биш болчоод байна. Бид энэ шинэ санаа, шилдэг шийдлийг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Энэ салбарлуу ороход тийм ч их хөрөнгө мөнгө шаардлаггүй. 

Товчхон хэлэхэд чип дизайн үйлдвэрлэх гэдэг нь Патентуудыг үйлдвэрлэдэг үйлдвэртэй болъё гэсэн үг юм. 

80% = патент

Чип хэрхэн бий болдог талаар яръя. Чип хийхэд 3 үе шаттай байдаг

1. Суурь судалгаа шинжилгээний ажил:
Судалгаа шинжилгээний ажил нь Аливаа үзэгдэл, ажиглаж болохуйц баримтууд (факт) дээр түшиглэн шинэ мэдлэгийг бий болгоход чиглэсэн, тодорхой хэрэглээнд ашиглах зорилгогүй туршилтын буюу онолын ажил. Энэхүү ажилд хамгийн чухал зүйл бол олон улсын инженер техникийн судалгааны онлайн сайт юм. Энэ сайт нь ихэнх инженерийн салбарыг хамрах бөгөөд бусад орны хүмүүсийн тодорхой онолын түвшинд батлагдсан болон, хэрэгжсэн бүх ажлуудыг сэтгүүл хэлбэрээр байрлуулсан байдаг. Тус сэтгүүлүүд аливаа асуудлыг хэрхэн яаж шийдсэн, яаж хийсэн зэрэг маш олон төрлийн санаа, саналуудыг агуулсан байдаг болохоор бүх л инженер техникийн ажилтанууд, мастер, докторын оюутанууд аливаа асуудлаа энэхүү сайтаас хайж шийдэж, санаа авч ажилдаг.
http://ieeexplore.ieee.org/
http://www.sciencedirect.com/  хамгийн ихээр ашигладаг 2 журнал сайтыг тавьлаа. Энэ нь цаг хугацаа маш их хэмнэхээс гадна уншиж ойлгож шинэ санаа бий болгох боломжтой юм.

2. Хэрэглээний судалгааны ажил:
Дээрх судалгаа шинжилгээний ажлаас батлагдсан ажлийг үргэлжлүүлдэг. Гэхдээ энэ нь эхнээсээ тодорхой зорилгод чиглэсэн байдаг. Энэ нь суурь судалгааны ололт, үр дүнг тодорхой хэрэглээнд ашиглаж болох эсэхийг тодорхойлох буюу тодорхой зорилгод хүрэх арга замыг тогтооход чиглэгддэг. Судалгаа шинжилгээ онолоор баталсан ажлыг практик туршилт хийж батлах үүрэгтэй.

3. Туршилт, боловсруулалтын ажил
Хэрэглээний судалгааний ажилаас гарч ирсэн батлагдсан бүтээгдэхүүнийг шинэ бараа, материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн шинэ үйл явц, тогтолцоо, үйлчилгээг нэвтрүүлэх буюу эдгээрийг сайжруулахад чиглэсэн системтэй судалгаа, туршилтын ажлыг хэлнэ. Хэрэглээний судалгааний ажилаас үүссэн мэдлэгийг үйл ажиллагааны хөтөлбөрт хөрвүүлэх үйл явц гэж томьёолох буюу үйлдвэрлэх гэж болно. Ингээд эцсийн Чипээ үйлвэрлүү явуулж үйлдвэрлүүлдэг байгаа.

Хамгийн хэцүү хэсэг нь Судалгаа шинжилгээний ажил бөгөөд энэ нь онол туршлага хослуулж шинэ санаа бий болгох үйл явц юм. Түүнээс биш чип үйлдвэрлэх бас чип дизайн хийх нь тийм хэцүү ажил биш.


Миний хийсэн 2 дахь чип
Зорилго:  Гар утас, МП тоглуулагч, notebook гэх мэт зөөврийн жижиг төхөөрөмжүүд нь дотроо олон янзын 1.2V - 12V хүчдэлээр ажилдаг чип болон элемэнтүүд байдаг юм. Миний энэ хийсэн чип  баттерэйнээс гарсан 5 вольтийг өсгөж 12 вольт хүтэл өсгөж хэрэгтэй элемэнтийг тэжээх үүрэгтэй юм.
зураг 1. Чипний доторх бүтцийн онолын блок диаграм
зураг 2. Чипний доторх дизайн гүйцэтгэж үйлдвэрлэлтэнд явуулахад бэлэн болсон байдал
зураг 3. Үйлдвэрээс гарч ирсэн чип
зураг 4. Онол болон мэргэжлийн софтвэйрээр хийсэн хэлжилтий үр дүн.
зураг 5-6 Үйлдвэрээс гарч ирсэн чипийг практик хэмжилт хийж онолын үр дүнтэй харьцуулж таарч байгаа үгүйг шалгасан байдал.

Монгол хүний оюуны чадамжийг Дэлхий хүлээн зөвшөөрчихөөд байхад Монголчууд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь даанч харамсалтай. Монголд хийж бүтээх оюуны чадамж нь бүх салбарт байдаг гагцxүү эдгээр хүмүүсийн хийж бүтээдэг багаж төхөөрөмж, лаборатори, үйлдвэр зэрэг материаллаг эд зүйлс байдгүйд хамаг учир шалгтгаан байгаа юм. Монголын төр засаг Монгол залуусынхаа мэдлэг чадварыг амьдаар нь үхүүлж байгаад харамсаж бна.

3 comments:

Бидэнтэй саналаа хуваалцаарай!